Агай зөвшөөрвөл над руу утас цохь айн ккк (цөөн тооны нөхөд)

                                                                

                                                                Өмнөтгөл
Тэнгэрийн эрхэстэй хамгийн ойр нөхөрлөж тэндээс гэрэлтэх илч лугаа агаар нэгэн, сэтгэлд хамгийн ойр оршиж, итгэлийн жимийг чимээгүйхэн зурсан эрхэм анд Гантөмөрийн Нармандахын /Агай/ сэтгэлийн хэл, бийрийн эгшигт хөгийг багтаасан бүтээлийн дээж бичигт өндөр үүдийг нь өргөх нэр хүндтэй бөгөөд гүн хүндэтгэлт үүрэг надад оногдов.

Энэ ном түүний сэтгэлийн хүүрнэлийн нэгээхэн хэсэг басхүү анхны уран бүтээл. Бүтээлд орсон төрөл бүрийн шүлгэн хэлхээ, зургийн гайхамшигт өнгөөр түүний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг таниж болно. Түүний бүтээлд эх хүн тэр дундаа энэрэн өсгөсөн буурал эмээдээ зориулсан шүлэг олон бий. Мөн анд найз нартаа, амраг хайртдаа, алдрай бяцхан үрсдээ гээд яруу тансаг хэллэгээр, хөгжим мэт уянгалах олон сайхан мөртийг олж уншиж болно. Түүнд уран бүтээлч хүний сэтгэл хөдлөл, омогшил, гэнэн цагаан ааль, бүсгүй хүний ихэмсэг агаад нандин, холч гэгээн чанарууд бүгд бий.

Тэрээр уран бүтээлчийн онгод цалгисан сэтгэлээ хүүрнэхдээ:
Энэ мөч, миний цусны үнэртэй
Дотоод хашгираа цахилах зээрийн гүйдэлтэй
Цаснаар татсан нум шиг харайлгах чоно адил
Энэ хэдэн үгс эрэмбээ олон цаасан дээр буухдаа
Дургүйцэлийн хөх шазуурыг шөвөг шиг хатган
Цамнах их хүслийг адгуухан чангаадаг
хэмээн дүрсэлсэн бол орчлонд ирсэн хүмүн заяаны хишиг хийгээд од эрхэст талархан илтгэх хүслээ:
Ургамлан бүрээст дэлхийн зөөлөн бор хөрсөн дээр
Учрал ерөөлт хүмүүн заяаг хүлээж би бэлгэнд авсан
Уярал дүүрэн хүмүүний өв их соёлоос нь
Урлан бүтээхүйн гайхамшигаас хэлтэрхий би бэлгэнд авсан
гэх юм уу догдолсон их сэтгэлээ тогтоож дийлэхгүй их хайрын тухай:
Нисэхээрээ би гэрэл цацраагч бяцхан цох
Нүд булаасан хайрын эзэн танхил гүнж
Бүжихээрээ би од шиг анивчдаг бадмаараг эрдэнэ
Булгих зүрх бүхэн дурлан тэмүүлдэг хосгүй үзэсгэлэнт
хэмээн яруу тансаг бичсэн олон шүлгийг дурдаж болох байна.

Цахим ертөнцөөс биесээ олж хүсэл мөрөөдлөө нэгтгэсэн залуу найрагч, уран бүтээлч анд найзын минь бүтээлээс бүсгүй хүний ялимгүй гомдол, гэгээн хүсэл тэмүүлэл, оргилсон их хайрыг амтлах болно. Түүнчлэн ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй нэгэн цагт хамт ажиллаж агуу ихийн уурхайгаас уудалж суусан нэгэн гэдгийг ч дурдмаар санагдлаа.

Бүтээлийн онгод нь үргэлжид халгин байж, номын хур буун оюуны далай ашид мөнхөд бялхах болтугай.     

                                                                                     Ц.Энхгэрэл /Consula/

Ийм нэгэн сайхан ном хэдийн мэндэлсэн талаар дурдаад бас хугацаа өнгөрчээ. Найздаа ахин баяр хүргэе. За тэгээд гарчигт хандсан цөөн тооны хэсэг нөхөд утас цохивол мэдээж "Та азтай байна", "Танд баяр хүргэе" л гэнэ дээ.

Атганд төөрсөн мэргэ

Алаг чулуу таалцах уу
Атганд яг одоо хэд байна
Баруунд нь би хүслээ шивнэлээ
Зүүнд нь харин зүүдээ даатгалаа
Тоост орчлонгийн нугачаанд хөл алдан бүдэчсэн
Томоогүй насны алдаагаа зөрүүлж хийн андуурлаа
Сугалаа шиг амьдрал дунд сүүлчийн ганцхан тоог зөрүүлж
Сураг алсын хонгортоо шувуудын хэлээр дамжууллаа
Бороотой салхитай давалгаатай миний үзээгүй тэнгисийн эрэг дээр
Балга дарсаар даруулан алаг чулуу таалцюу
Бодлоос сэтгэлээс өчүүхэн төдий ч арилдаггүй миний амсаагүй жаргал дээр
Богино шөнийн зүүд тэрлэн нулимстай үлгэр хүүрнэюу...

Г.Нармандах "Азын гэрэлт од"

Оддын гэрлээр наадагчийн уруул дээр нь үнсэх үү?

Орчлон гэдгийг уяраасан сарны үлгэр сонсох уу?

ийм нэгэн үгсийг Та хаа нэгтээ сонсож байсан тийм үү? Тэнд аан бас энд ч мэдэлгүй яахав ээ гээд гараа өргөөд авлаа. 

Тийм ээ энэ бол миний, чиний, Таны хайртай хүн, ББ-ийн эрхэм нэгэн бүсгүй, алс холд суугаа ч амжиж олж авсан эрдэнэ мэт анд.

Гайхалтай бүтээлч найзын минь "Азын гэрэлт од" бүтээлийн эгшиглэн найргийн хөгийг бийрийн шидээр амилуулан мэндэлж буйг баяртайгаар дуулгая.

Хараахан гар дээрээ авч амжаагүй шинэхэн бүтээлийн хөшгийг энэ л өдөр нээж эзнээс нь түрүүлэн ам алдлаа шүү. Нандин нууцыг хэсэг хэсгээр нь түгээнээ. Найздаа баяр хүргэж алсаас тэврэе.

Номын хур бууж оюуны далай бялхах болтугай. 

Үргэлжлэл бий....

ББ-ийн бүх АНДУУДАД шинэ жилийн мэнд хүргэе

 

Унаган нэрээ мартаж уран гоёмсог баг зүүсэн

Улсын ажлыг халтуурдаж үндсэн ажил нь цахим болсон

Урт холын замд ч үл мартагдах ахан дүүс шиг

Учран золгохын цагтаа салж чаддаггүй хүүхдүүд минь

Он жилүүдийн харвасан сум шиг урсгал нэгэн түүхийг гаталж

Олон олон гайхамшигт үйл явдал, амжилт баяруудыг ардаа үдлээ

Олдошгүй нандин, тэнгэрлиг гэгээн өдрүүдийг халуун учралаар угтан авч

Оргилуун дарсыг мянга мянган энэ л өдрөө хамтдаа тулгацгаая.

Мартагдашгүй бүхнээр дүүрэн хуанлийн нэгэн хуудас

Маргаашийн гэрэлт ирээдүйн гүүр нь байг

Магадгүй Танд л ирэх баяр, баясгалан бүхэн

Мөнхөд ногоон гацуур адил үүрдийнх байг.

Хоёр оны солбицол дээр хонгор сэтгэлээ илчилье

Хором хормын аз жаргалаа хувааж бүгдэд нь бэлэглэе

Хүсэл бүхэн дэвжиж баясал дүүрэн хөгжөөрэй

Хүний сэтгэлийн сайхнаар итгэл түгээн цэнгээрэй...

Танд болон Танай гэр бүлд ирж буй 2012 он үргэлжийн баяр хөөр, аз жаргал, хийморь золбоо, эрүүл энхийг авчрах болтугай.

2011.12.10 (Консула)-аас.Банжигийн шинэ жилийн цэнгүүний хөшигний ард

 

Гарын таван хуруунд багтах үзэг амьтай нөхөд минь

Банжиг блогт талархахгүй байхын аргагүй. Энэ л орон зай намайг оюуны хязгааргүй ертөнцөд тийзгүй зорчих урилга илгээж, гуниг баяр, басхүү ухаарал болгоныг мэдэрч, амьдралын хэмнэл ч басхүү өөрчлөгдөн амрах, хооллох, ажиллах гээд бүх цаг үеүдэд хуваарийн бэсрэгхэн өөрчлөлт орж түүндээ ээнэгшин дассаар даруй 3 жилийг үдсэн байх юм.

Энэ хугацаанд энэ их өргөөнөөс бичиг цаас нийлүүлж, бийр янтай харшуулан, хэл ам сугалж, хэнд ч хэлээгүй зүүдийг хүртэл асууж дөнгөчихсөн байдаг хэдэн сэтгүүлч нөхдийг олноос онцгойлон, түмнээс түрүүлж гарган талархал илэрхийлмээр санагдав аа. Учир нь эдгээр өдрүүдэд Монголчуудын 20 жилийн түүхийг бичилцсэн "Зууны мэдээ" сонины 20 жилийн ой тохиож байгаа юм байна. 20 жилийн түүх гэдэг урт хугацаа. Ардчилалын салхи хацар хайрч, картын талхандаа гишгүүлэх шахам дугаарлаж, ховорхон хэдий ч амт нь хэзээ ч мартагддаггүй цөцгийтэй зайрмаг, үзэмтэй дөрвөлжин аарц, үнэр нь арилдаггүй мандарин гээд тэр цагийн юм бүхэн хэзээд мартагдашгүй ээ. Ардчилсан шинэ Үндсэн хуультай ч болж, хувийн өмч, эрх эрх чөлөөтэй болохын үүдийг нээсний баяр өдгөө он солигдмогц мөн тохиох нь...

Хадуурах нь, гол нь энэ сонины ой болж бгаа гэдгээр дөрөөлөөд энгийн атлаа сэтгэл зүрхэнд хамгаас ойр байдаг ББ-ийн миний мэдэх сэтгүүлч нөхөддөө үгсийн орон зайд нь умбаж шумбах бүрэн эрхтэйн хувиар БАЯРЛАЛАА гэж хэлэх гэсэн юм.

 

МОНГОЛХАТАН - Хаана хөнгөн хөгжилтэй гал цогтой инээд, халуу дүүгсэн сэтгэлийн орон зай байна тэндээс энэ эмэгтэйг олж харж болно. Одоо бол хайраар жигүүрлэж, цаснаар болзож, муусайн нөхдийг Модунд бараалхуулж, ханатлаа баярлаж, басхүү "гуниглаж" суугаа. Жаргалтай хатны хацар улаан гэдэгсэн. Үргэлжид эрч хүч, цог золбоог чамаасаа мэдэрдэг шүү. Сэтгэл шигээ өнгөлөг, итгэл шигээ бат бэх, хайр шигээ халгиж яваарай.

ДИВААЖИНГИЙН ХОРИГДОЛ - Энэ эрхэм хүмүүн намайг Банжигт уруу татсан гэж хэлж болно. Түүний орон зайд нулимстай, инээдтэй, ухааралтай, бахархалтайгаар өнждөг байхдаа амьдралын үнэ цэн, өөрөөрөө туулах их хүчийг олж авсан. Нүүр тулан уулзаагүй ч гэлээ өдөрт хэд таарах өрөөний минь нөхдөөс ч илүүтэй дотно санагдах эрхэм найздаа уран бүтээлийн шавхагдашгүй их эрч хүчийг, амьдралын ханашгүй их урам зоригийг хүсье.

НҮҮДЭЛ - Далай шигээ уужим нэгэн хонгор сэтгэлийн минь анд болсоор удаж байна. Үгс нь зэмлэж, үйлдэл нь аргадаж, харц нь ташуурдаж, хажуунаас нөмөрлөж явдагт нь үнэхээр их талархаж явдаг даа. Олон олон жил үргэлжилнээ бидний нөхөрлөл. Он цагийн шалгуурт бүдчилгүй, жаргал зовлонгийн салхинд ч хамт сөрөх биз. Чамдаа аз жаргал хүсье. Хөх эгшиг 2 дахь ном хугацаандаа мэндлэх учиртай шүү..

ЗОЛЪЯ - Нас нь бага атал уншсан сонссон, сурсан мэдсэнээрээ надаас хол үсрэх миний балчир бөгөөд үнэ цэнтэй найз. Хэзээд хүнийг сонсож чаддаг байх гайхалтай тэвчээр түүнээс л гарна. Басхүү сонссоныхоо нэгэн адилаар зөвлөж чаддаг, хуваалцаж чаддаг, ирээдүй нь ч энэ хэвээрээ үргэлжид гэрэлтэн асаж буй тийм нэгэн халуун дулаан эрч хүчээр дүүрэн охин байгаа юм. Чамаараа бахархаж явдаг шүү. Хэзээд бодолд минь үнэнч, сэтгэлд минь ойр байдаг чамдаа өөртөө хүсдэг сайхан бүхнээ хүснээ.

БЯЛЗУУХ - Оройн тойргоороо бужигнуулж, олон сайхан бичлэгүүд, хайр цуврал, бие хамгаалагч, хааяахан оруулдаг гайхалтай шүлгүүдээрээ соронз адил татсан ч одоо бол ингээд байвал яахын чи гэдэг шиг л алга болсон. Намраар ТВ-5 телевизийн "Амттай яриа" нэвтрүүлгээр дүрийг нь толидож, үгий нь чагнаархаж, басхүү догдолж суусан даа. Нэг сайхан нартай өдөр уулзах юмсан гэж бодсоор л яваа шүү. Үг нь мэргэн, үзэг нь хурц, үргэлжид инээд баяслаар бялхаж яваарай. Чамайгаа хүлээсээр л суугаа шүү Бид.

Миний мэдэх сэтгүүлч нөхөд гарын таван хуруунд багтах юм байна. Гараа атгаж байгаад бардам хэлнээ, танилц энэ миний найзууд. Та нарын үгсийн шавхагдашгүй гүн цэнгэг далай үргэлжид усалж тэтгэж байдаг шүү. БАЯРЛАЛАА.

Бусдын хүсэвч чадамгүй мэргэжил ЖҮЖИГЧИН

Би жүжигчин ээжийн отгон охин. Миний амьдрал хэзээд л тайз шиг санагддаг байсан. Мэдээ орох цагаас л тайзны ард, жүжигчдийн өрөөнд, үзэгчгүй үед театрын тайзан дээрхи хаан хатны суудал, харц ардын ширдэг гудас, ширээ сандлаар нэг гүйлдэж, жижиг хэрэглэлийн өрөөний сэлэм бамбайг агсаж, хувцасны эрхлэгчийн өрөөн дэх шанх залгааг зүүж үзэн яг л тэндхийн орон тооны бус нэгэн "жүжигчин" өссөн дөө.

Үе тэнгийн найз нараа хааяа жүжиг юм уу концерт үзүүлнэ. Гэхдээ тайзан дээрх дотоод нууцыг задална гэж ер байхгүй. Тангараг жүжгийн хэсэгт хөдөөнөөс авчирсан гэх нэг их олон шуудай үртэсийг гурил будаа авчирлаа хэмээн өгүүлдэг юм. Түүнийг найз шалгаанаа, энэ жинхэнээсээ гурил будаа байдаг юм уу би хармаар байна гэнэ. Үзэж болохгүй ээ, энэ чинь дүүрэн гурил, будаа, элсэн чихрийг дэлгүүрээс худалдаж аваад жүжигт тоглодог юм гэж зална. Жүжиг бүрээс ээжийн дүрийн үгийг цээжилж зэрэгцэж хэлнэ. Дууг нь даган дуулж, уйлдаг хэсэгт зэрэгцээд л мэгшиж гарна.


3 дугаар ангид байсан жил ээж З.Ойдовын "Далан худалч" жүжгийн Далайн Пагмын дүрд тоглосон юм. Тэрэн дээр их чухал үгсийг хэлдэг байсан санадгийн. Уулга алдаж ирээд л "Залуу нас, залуу нас нохой долоо.. хайлаад өнгөрөх цастай л адил, харин баян, буян гэдэг хэзээд мөнх" гэж хэлэх үгийг нэг удаагийн зохион бичлэгт тэр чигт нь тууж орхиод багшид халуу дүүгтлээ магтуулж байлаа. Энэ мэтчилэн миний амьдрал жүжигчин хэмээх өр нимгэн, сэтгэл хөөрүү тийм нэгэн эгэл хүний ухаарал уянгаар хөглөгдөж, залагдаж явна.


Ээж минь ажиллаж байх ахуйдаа олон сайхан уран бүтээл дээр ажиллаж түүхэн болон орчин үеийн жүжгийн зохиолуудын гол болон туслах дүрүүд, инээдмийн хөтөлбөр, баяр наадамд зориулсан томоохон концерт зэрэгт оролцож байснаас найруулагч, МУГЖ Н.Дугарсанжаагийн "Ялалтын жигүүр" жүжгийн Шоовдор, Шатровын "Хувьсгалын нэрээр" жүжгийн Петя, Киргизийн нэрт зохиолч Мустай Каримийн "Сар хиртсэн шөнө" жүжгийн Диван, МУ-ын СГЗ Г.Мэнд-Ооёо, найруулагч СТА Н.Болд нарын "Яаралтай цахилгаан" жүжгийн Цэндсүрэнд тоглож, сүүлд хөгжимт драм болгон МУ-ын УГЗ В.Боролдойн цомнолоор тавигдсан "Найрын ширээний ууц" хөгжимт жүжгийн Хандсүрэнгийн дүрдээ илүү ихээр сэтгэл автаж дурсаж суудаг юм. Энэ их эрч хүч, халуун дулаан энерги бүхэн миний төрүүлж өсгөсөн 3 хүүхдэд нөлөөлж урлагт хайртай, бусдын зовлонг нимгэлж чадах өр зөөлөн, бусдын баярт дүүлж чадах сэтгэл хөөрүү иргэд болцгоосоон. Хүү минь олон сайхан дуу зохиож нутгийн олондоо үнэлэгдэн хүндлэгдэж ирснийг би энэ их урлагийн ариун их хайр хишиг хэмээн сүслэн залбирч явдаг даа.


Дорнын театрынхаа алтанхан тайзнаа уйлж дуулж, инээж баясаж явлаа
Догдлох зүрхэндээ баясал гунигийг ээлжлүүлж уярч, биширч амьдарлаа
Дураараа, эрх чөлөөтэй дүүлэн нисэх эртэч бяцхан шувуухайн адилаар
Дуусашгүй ариун түүхийн нэгээхэн хуудаснаа гэрч болон бичигдэж үлдлээ.

Сэтгэл минь хачин их баяртай, гэгээн дурсамж хөврүүлэн сууна
Сэргэлэн балчир нас, дайчин эрэмгий дунд үе, онгод хийморь гээд
Улсын төлөвлөгөөг биелүүлэх урт хугацаат урлагийн бригад, хөгжилтэй аялалууд
Урам нэмэн сэтгэл хурцлах тэнгэрлиг гэгээн бүгдийг дурсан хөглөгдөж явнаа... гэж ирээд дурсамжаа хуваалцан одоо хэр нь сэтгэл нь түрүүлж дүүлчихсэн явдаг гурван ач охины буурал эмээ, миний хайртай ээж жүжигчин хүн.

Энэ өдрүүдэд орчин үеийн театрын урлагийг үүсгэн байгуулагч Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн их ойн баяр үргэлжилж байна. Театраар овоглодог, театрт элэгтэй хүн бүрт баярын мэнд хүргэе.

 

Уучлаарай

 

Бодол минь хаа нэгтээ төөрөөд үзэгдэх ертөнц үгүй

Бороон дуслууд дөнгөж л анисага шүргэж байсан

Сэтгэл минь хаашаа ч юм дайжаад үл ойлгохын хязгаарт

Сэлж туулмаар их усан хөл ороон урсгаж байсан

 

Бариж буцааж болдоггүй далдын их хүчээр

Багалж хүлээд орхичихсон тэр нэгэн уулзвар дээр

Харамлаж хашгирч чаддаггүй хайрын  хатуу зарлигаар

Хашиж түрээд унагачихсан тэвчээр шалгасан гүн хонгилд

 

Аргадаад дийлээгүй хүслээн зангидаж шүхэр болгоод

Амталж ханаагүй жаргалыг буцааж нулимс болгоод

Асгартал ороход нь зүрхээн шалба норгохгүйн тулд

Аминч бүхний төгсгөл болгон өөртөөн би нөмөрлөө

 

Даарч байна, гэхдээ

Өнгөрсөн цаг хугацааны алдаа намайг дулаацуулаг

Уйлж байна, гэлээ ч

Өгсөж уруудсан насны зөрүү түүний минь сэврээг

 

Хэдий болтол хайрлах юм түүнийг хүлээхгүй

Хэврэг боловч үнэн байсан зүрх ганцаардана

Хичнээн жаргалын дунд төөрч шаналах юм

Хэнд ч үл дэлгэх нууцаа зүүдний нэг хэсэг гээд арччихлаа...

 

 

 

Надаас хэзээ ч урваагүй цагаан хүлэгтэй анд минь

Цээжний минь гүнд цэцгэн хээтэй гуниг бий чи зураарай

Чиний нэрээр уйлдаг өрөвчхөн тэр зүрхэнд хайр бий амтлаарай

Зүггүй хүсэлд минь үл ажрах бардам ихэмсэг түүнийг

Зөнд нь бүү орхирой төөрчихөж мэднэ

 

Хааяа тэр сансарт дүүлэх гэж өөртөйгөө тэмцдэг

Хайр хагацлын алинд ч сөхрөлгүй ташуур ороолгон зүтгэдэг

Гэмгүй залуу насны минь хүсэл хяслын дундуур

Гэнэтийн элч мэт зүүд эргэн цагаан морьтой залардаг

 

Алдааг минь хэзээ ч үгүйсгэдэггүй тэр миний үнэнч анд

Амьдралд бас сөхрүүлчихдэггүй тэр миний гэгээн сүүдэр

Зуурдхан ирээд буцахдаа совин илгээж амилуулсан

Зуны шөнийн богинод нь сэрж харамсдаг аялгуу

 

Бодлоос үл тасрах цагаахан зүүдний хөлөг минь

Бусдын харцнаас харамлах чамин ганган гоёлтой

Асаагаад давхичих мэт саад нь үгүй зам дундуур

Анир чимээгүйд хөглөгддөг цор ганц жаргал юм

 

 

(Нийт: 117)